Бурхан багшийн Их Дүйчэн гэдэг бол Бурхан багшийн гурван үйл явдал давхацсаныг хэлдэг. Манай эриний өмнөх V-Vl зуунд Чадагчийн эрхэт Бурхан багш Шагжмүни бээр хамаг амьтны тусыг бүтээхийн тухайтад их бодь сэтгэлээр хувилгаан лагшинг таалан өмнө зүгийн Замбуутивийн оронд эхийн хэвлийгээс лагшин мэндэлж , сансрын хүрдэнд эргэцэн энэлэгсдийг гэтэлгэх үнэн зам мөрийг үзүүлэхийн тухайтад төгс гэгээрлийн хутгийг олж, түүнчлэн хуран үйлдсэний хойно эвдэрдэг ертөнцийн мөнх бусыг сануулахын тухайтад их нирваанд орсон бөгөөд эл гурван их зохионгуй нь зуны эхэн сарын шинийн 15-ны өдөр давхардан цогцолсон байдаг. Энэхүү өдрийг монголчууд бид дэлхийн бусад Бурханы шашинтай улс орнуудын адил “Бурхан багшийн их дүйчэн өдөр” хэмээн эртнээс эрхэмлэн тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ өдөр бол нигүүсэл энэрэл , хайраар бие биетэйгээ хандаж, зохисгүй байсан бол бие биенээ хайрлаж, энэрч, эвлэж, нэгдэж, нэгэндээ эвтэй, зүйтэй үгээ хэлж, уучилж , өршөөдөг ийм сайхан өдөр байдаг. Сэтгэлийн алдаа гарсан бол уучлал хүсэх , “Өршөөгөөрэй, уучилаарай та ” гэж хоорондоо цагааддаг. Цаад хүн нь ч ” Бурхан багшийн Их Дүйчэн өдөр надаас уучлал гуйлаа шүү дээ, ямар сайхан юм” гэж сэтгэлээ цэвэрлэж авдаг ийм олон сайхан зүйл болдог өдөр . Хүмүүс энэ өдөр аль болохоор уншиж урьж явдаг номоо унш, тарниа тоолоорой. Бие ,хэл, сэтгэл гурвын үүднээс буяны зүгт чиглүүлээрэй . Хийд орон, сүм дуган, Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлд мөргөхөөр явж байгаа бол бие нь буяны зүгт , тарни болоод ном уншиж , эвтэй зүйтэй сайхан үг хэлцэж , эв найрамдал бэлэгдсэнээр хэл нь цэвэршиж , цаана нь сэтгэл цэвэршиж энэ зоргоор бие, хэл, сэтгэлийн ариусал болдог. Тийм учраас энэ өдрийг бүх л амьдралын турш хэвшүүлж авах ёстой ийм дурсамжийн өдөр байдаг учраас хойшид ч энэ ёсоор явбал энэ дэлхийн хүмүүс болоод монголчууд маань бие биетэйгээ найрсаг хандах, ёс зүйтэй , хүмүүжилтэй байх , эв түнжингээ илэрхийлсэн , уучлал гүйсан ийм сайхан өдөр юм. Мөн энэ өдөр аав ээж дээрээ очоод мэндийг нь мэдэж сайхан баярлуулаад, ахан дүүстэйгээ зөв зохистой харьцахаас авахуулаад , олон сайхан үйл хийгээрэй. Мөн Бурхан багш ” Чи өөрөө өөрийнхөө аврал шүү” гэж хэлсэн байдаг. Тэгвэл монгол орны аврал бол монголчууд бид өөрсдөө юм. Гадаадад жаргалтай амьдрал руу явахаас илүү Монголдоо тэр жаргалыг бий болгохын төлөө монгол хүн бүрийн хүчин зүтгэлээр энэ амьдрал сайн сайхан болно.
Familyandpeople.mn