Манай оронд хүүхдийн боловсролын суурийг нь тавихдаа , хүнд программаар сургахыг урьтал болгодог. Хүүхдийг нэгдүгээр ангиас нь эхлээд л зүдрээдэг. Дээхэн үед сургуулиудад хүмүүжлийн эрхлэгч гэж байхад сурагчдын хүмүүжил, төлөвшлийн асуудалд онцгой анхаардаг байлаа. Одоо энэ мэргэжил, орон тоо үгүй болсон. Ардчлал, эрх чөлөө гэдгээр халхавчлаад , хүүхдийн алдаа дутагдал , буруу үйлдлийг өөгшүүлдэг явдал ихэслээ. Сурлага сайтай ч хүмүүжлийн доголдолтой хүүхэд өчнөөн байна. Энэ чиглэлд огт анхаарахгүй байгаа юм биш , тодорхой ажлуудыг хийж буй. Гэхдээ тэр нь ор нэр төдий байдаг. Хүнийг хайрлах, хүндлэх бусдад дараа бололгүй амьдрах арга ухааныг өв уламжлан авч явах хэмжээнд гүн бат суулгах нь чухал. Монголчууд үүнийг охригдуулаад байх шиг. Мөн тодорхой албан тушаалд очсон хүн болгон шинэ зүйл хийсэн мэт харагдах гэж хичээдэг явдал боловсролын салбарт түгээмэл. Яг ийм байдлаар хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн асуудалд ханддаг. Угтаа үүнд маш нухацтай, хянуур, судалгаатай хандах ёстой юм. Юуны түрүүнд орчноо бүрдүүлж, сайтар судлан , сурах бичгээ боловсруулж , бэлтгэлээ бүрэн базаасны дараа аливаа хөтөлбөр , сургалтыг нэвтрүүлэх хэрэгтэй. Гэтэл манайх шууд хэрэгжүүлж, хүүхэд дээр туршилт хийдэг . Боловсролын салбарт үеийн үед ийм гажуудал байсаар ирсэн. Үүний жишээ нь зугаан настнууд. Цэцэрлэгийн тухтай орчинд тоглож наадан , унтаж амарч , чөлөөтэй суралцдаг байсан хүүхдүүдийг сургуульд элсүүлэнгүүтээ хоёр гарыг нь урд нь авхуулж , томоотой суулгаад , шууд эрдэм зааж эхэлдэг. Энэ бол тэдний насанд ахадсан хүнд хөдөлмөр. Тэгэхээр насны онцлогийг харгалзах хэрэгтэй. Хүүхдийг зургаан настайд нь сургуульд элсүүлдэг жишиг олон улсад бий. Судалгаагаар ч үүнийг боломжтой гэдгийг баталчихсан. Гагцхүү насных нь онцлогт тохирсон сургалтын үйл ажиллагааг явуулах хэрэгтэй. Зургаан настнууд тоглонгоо суралцах ёстой. Гадаадын орнуудад хүүхдийг ийм байдлаар сургаж хөгжүүлдэг. Дөнгөж сургуульд элссэн , үзэг, харандаа ч барьж сураагүй хүүхдээр стандартын шугамтай дэвтэр дээр тоо, зурлага , үсэг бичүүлэх нь , тэгээд цэвэр, гоё бичихийг шаардах нь зохисгүй хэрэг. Дэлхийн орнуудын жишгээс харахад , ийм насныхныг аль болох том, шугамгүй цаасан дээр бичүүлж сургадаг юм билээ. Үүний зорилго нь хүүхдийн гарыг зүгшрүүлэх болохоос цэвэр, сайхан бичүүлэх биш шүү дээ. Хэлбэрт хэт анхаараад , агуулгыг нь орхигдуулж болохгүй. Яг одоогийн нөхцөл байдлаас дүгнэхэд, манай улс хүүхдийн эрхийг зөрчсөн, хатуу стандарт бүхий сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Энэ бол зөвхөн миний бодол. Мөн миний бие Кембрижийн сургууль ,сургалтын хөтөлбөрийг ойлгодоггүй. Эл хөтөлбөрийг Монголын зарим сургууль анх нэвтрүүлж , хэрэгжүүлж эхлэхэд л гайхаж хүлээж авч байлаа. Кэмбрижэд улс, улсын шилдэг залуус шалгалт өгч, суралцдаг . Өөрөөр хэлбэл , шилдгийн шилдгүүдийг тэнд сургадаг гэсэн үг. Гэтэл энэ хөтөлбөр Монголд тохиромжтой , сайхан хэрэгжиж байна гээд яриад буйг үнэндээ ойлгодоггүй юм. Тохиромжтой эсэхийг нь ул суурьтай тодорхойлохын тулд дундаж хүүхдүүдийн түвшинд хэрэгжүүлж , турших шаардлагатай баймаар. Монгол дахь Кэмбрижийн хөтөлбөртэй сургуулиудад боломжтой айлын л хүүхдүүд л суралцаж байгаа. Жирийн ажилчны хүүхэд тэнд суралцах боломж хомс. Нэмж хэдэн зүйл хэлэхэд БШУЯ, Боловсролын үнэлгээний төв хоцрогдол оношлох , үнэлэх нэрийдлээр багш нарт баахан дараа учируулж , шалгалт, бичиг цааснаас өндийлгөхгүй байх вий гэж өнгөрсөн намар хичээл эхлэхэд л бодож байлаа. Тэр ёсоор боллоо. Үнэлгээний сургалтад багш нарыг хамруулж , үнэтэй цагаас нь хумсалсан. Миний бодолоор бол энэ ажлыг тухайн сургуулиудад нь даатгачихвал илүү тохиромжтой, хялбар байсан. Сургуулиуд нь сурагчдынхаа түвшнийг үнэлж тогтоогоод , багш нар нь тэр дагуу хүүхдүүдтэйгээ тулж ажиллаж болохоор санагдсан. Сурган хүмүүжүүлэгчдийг өөр ажилаар дарахгүй зөвхөн хоцрогдол арилгахад төвлөрч ажиллах боломжоор хангасан бол илүү үр дүнтэй байх байлаа.
/Өнөөдөр сониноос/
Familyandpeople.mn