Заслаа хийлгэх үедээ юуг анхаарах ёстой вэ.

Хүн эхийн хэвлийгээс төрсөн цагаас эхлэн бурханаас өгсөн өөр өөрсдийн буянгаар амьдардаг. Бурхан танд ямар хэмжээтэй буян өгсөн байна тэр хэмжээнд нь багтааж амьдрах ёстой гэж үздэг байна. Үүнээс илүүг бодоод явбал өөрөө зовно. Олон хүмүүс хичнээн дээшээ явах гээд зүтгээд зүтгээд энэ амьдрал маань  нэг л болж өгөхгүй байна гэдэг. Яагаад тэгээд байгаа шалтгаан нь  бурханаас түүнд өгсөн буян заяа нь тэр. Тиймээс өөрөө зовоод, түүндээ хүрч чадахгүй байгаа юм. Санаа зөв бол заяа зөв гэж сайхан монгол үг бий. Өөрийн санаа сайн бол үйлс сайн байна гэсэн үг юм. Ер нь хүн бусдад гай болохгүй амьдрах ёстой. Хэн нэгэн ядарсан хүнд тусалбал түүнийг хараад “Энэ хүн ямар сайн хүн юм бэ. Би буянд нь даган баясья” гээд буяны хойноос даган баясах ёстой. Та буян хийгээд хүмүүс таны хойноос түүнийг нь даган баясвал бүгдэд буян хурна гэж үздэг. Харин бусдад муу санаж, бусдыг хардаж “Энэ зөв зүгээр байж байгаад хаанаас ийм их мөнгө олчхов” гэж бодвол хэзээч сайн сайхан амьдарч чадахгүй. Бурханы лам нар бол бүхий л амьдралаа хүнд туслаж амьдрах ёстой гэжээ. Бусдын буянд даган баясах ёстой. Хэрвээ сэтгэл санаа нь сайхан хүн бол заавал ном уншуулах шаардлагагүй. Учир нь тэртээ тэргүй бурхан тэр хүнд баярлана. Санаа муутай, үйлс хазгай явбал хичнээн ном уншуулаад ч хэрэг байхгүй, ямар ч засал хэрэггүй. Нүгэлтэй хүмүүс хэчнээн ном уншуулсанаас нүгэлгүй хүн нэг дуу дуулсан нь дээр гэжээ. Хүмүүс ер нь засал номоо цагаан сарын өмнө болон хойно хоёр удаа заслаа хийлгэх ёстой. Энэ жил нь дуусч байгаа учраас жил дуусах заслаа заавал хийлгээд цагаан сарын дараа шинэ жилийнхээ заслыг хийлгэнэ. Гэтэл монголчууд маань цагаан сарын дараа ном уншуулчхаад “Энэ жилийн заслаа хийлгэчихлээ, боллоо” гээд л орхичихдог. Жилийн төгсгөлд тухайн жилийнхээ хаалт заслыг заавал хийлгэх ёстой байдаг.Энэ нь дараагийн жил ч бас сайхан байгаасай гээд бурхандаа залбирах явдал юм. Зарим нэг хүмүүс засал хийлгэсэн ч нэг л болж өгөхгүй байна гэж хэлдэг. Тэгвэл зөв газартаа очиж засал номоо хийлгэ гэж хэлэх байна. Засал хийлгэх хүнээ зөв сонгож олох хэрэгтэй гэсэн үг юм. Ном уншиж байгаа хүн уншуулж байгаа хүнийхээ зовлонг маш сайн ойлгож, чин сэтгэлээрээ хандахын хажуугаар заслаа хийлгэж байгаа хүн нь ч  чинхүү сүсэг бишрэлээр хандсанаар сая бүх зүйл сайн сайхан болно. Багш нь чин сэтгэлээс уншиж, шавь нь ч чин сэтгэлээр итгэх ёстой гэсэн үг. Бурханы лам хүн шавийнхаа зовлонг маш сайн мэдэж байгаа учраас тэр хүнийхээ зовлонг нимгэлэх тухайд бодож номоо уншина. Гэтэл энэ хүний зовлонг мэдэхгүй бол “За ямар ч байсан нэг уншаад явуулья” гэнэ. Хэдийгээр номын хүч байгаа ч гэсэн бүрэн бүтэн үйлчлэхгүй. Тиймээс хоёр талаас бие биеэ мэдрэх ёстой юм. Мэдэхгүй, танихгүй хүнд болж өгвөл очоод нэмэргүй. Нөгөө талаар ном уншуулж байгаа хүн дотроо “Энэ лам номоо хурдан уншаасай . Би яарч байна.” гээд бодоод суух юм бол номын хүч үйлчлэхгүй. Үүнтэй адилаар тухайн лам уншиж байгаа номдоо төвлөрөхгүй дундуур нь утасаар яриад, хүмүүстээ ярилцаад байвал мөн л номын хүч үйлчлэхгүй. Эмч хүн хүнээ үзэж байхдаа маш их анхаарч төвлөрөх ёстой шүү дээ. Үүнтэй яг  адил лам нар ч бас номоо уншихдаа  төвлөрч түүндээ л анхаарах ёстой. Жимсний мод, хонь маланд хашаа хэрэгтэй шиг, таны амьдралын зам мөрийг засч, залруулах, тэгшлэх хашаа нь шашин,засал ном шүү.     

3 Replies to “Заслаа хийлгэх үедээ юуг анхаарах ёстой вэ.”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *