Бид зун болохоор л хөдөөг зорин очиж, нөгөө л хэдэн малчдынхаа хаяа хатавчинд наалдан, зуныг өнгөрөөх нь олон билээ . Харин тэдний маань өөрсдийн амьдрал ахуй нь юу болж байдаг бол гэж бодохоор хот газрын эрх мэдэлтэнүүд маань мах, мал гэхээс малчин хүний амьдрал ахуйг нь мартажээ. Хөдөө, малын захад малчдын хүйсийн харьцаа алдагдсан , яваандаа мал дээр хүн байхгүй болох нь ээ. Эмэгтэйчүүд байхгүй бол эрчүүд яалаа гэж мал дагах билээ. Эмэгтэйчүүдийгээ л бараадаж таарна. Малтай байя гэвэл эрэгтэйчүүд нь малаа дагаг. Эрчүүд нь малаа дагая гэвэл эмэгтэйчүүд нь харчуулынхаа дэргэд нь байх ёстой. Тиймээс хот руу зугтаад байгаа , эргэж хөдөөдөө очихгүй байгаа эмэгтэйчүүдийг хөдөө рүү аваачья гэсэн бодолтой малчин ч байх юм билээ. Хотод байгаа нэг эмэгтэй хөдөө рүү малчин болохоор аль нэг аймгийн алс сумын нэгэн уулын өвөр юм уу , хөндийд очлоо гэж бодъё. Тэнд байнгын тог цахилгаан бий билүү, хүссэн үедээ халуун ус гоожуулаад усанд орж ариун цэврээ сахиж чадах билүү , амьдрах эрүүл ахуйн нөхцөл нь хэр бүрдсэн байдаг билээ дээ, эзгүй хээр хэдэн хонио дагаад явж байгаа ганц бүсгүй юу бодож , яажшуухан өдрийг барах билээ. Эзгүй хөдөөд эр эмийн асуудал юусан билээ. Боловсон бие засахаас эхлүүлээд тэнд хүний наад захын хэрэгцээ шаардлага хангагддаг билүү? Ариун цэврийн асуудал нь тэг заачихсан байхад мал маллахын хажуугаар гоё сайхан хувцаслах , нүүр үсээ арчилж тордохын тухай эмэгтэй хүн бодох ч сөхөөгүй учир юун боловсрол эзэмших, үеийн залуустайгаа нийгэмд хөл зэрэгцэн алхах вэ, тэр талаар ярилтгүй. Эмэгтэй хүнийг хөдөө аваачаад малчин болгох нь битгий хэл очоод ая тухтай хэд хоног амрах нөхцөл байдаггүйг бүгд мэднэ. Долоо ч хонолгүй зутраад буцчихдаг . Ийм байхад эмэгтэй хүнийг уулын мухарт аваачаад өнөө нүүдлийн мал аж ахуйгаа эрхлүүлэх гээд байгаа юм. Хөдөөд нөхөртэй болвол дээдийн заяа . Нөхөр нь гэртээ үзэгдэхгүй . Үүрээр шахуу гараад шөнө дөлөөр орж ирнэ. Эрэл суралд явбал хэзээ ирэх нь тодорхойгүй , хэл бараагүй таг болно. Хүүхэд төрүүлнэ. Зургаан нас хүрэхээр нь ганцааранг нь сумын төв рүү явуулалтай биш гээд залуу хосын нэг нь уулын мухартаа, нөгөө нэг нь хүүхдээ дагуулаад сургууль бараадна. Ингээд гэр бүл тусдаа амьдарч эхэлдэг. Үүнээс болж ар өврөөр тавих гэдэг асуудлыг дагасан хэрүүл маргаан айл гэрийг тойрохгүй. Уулын мухарт гэртээ эхнэр нь ганцаараа байхад хаанаас ч юм нэг хар юм орж ирээд нөхрийг нь эзгүйчлээд элэг бариад хэвтчихээд гарахгүй. Хөдөөд эмэгтэй хүн байхын аргагүй ээ. Ингэхээр нүүдлийн мал аж ахуй гэдэг салбар Монголд явахаа байчихсан , ирээдүйгүй гэдэг нь энэ мэт нийгмийн асуудлаас харагдаж байна. Нэг үгээр нүүдлийн мал аж ахуйн салбар ажилчидгүй болчихсон. Тэнд хүн амьдрах нөхцөл үнэндээ алга. Үнэхээр амьдарья гэвэл эр,эм гэлтгүй бүгд хагас адгуус маягаар л аж төрнө л дөө. Ийм байхад малчны эхнэр болохоор ямарч эмэгтэй энэ цаг үед хөдөө рүү явахгүй шүү. Сайн дураар нүүдлийн малаа дагаад хөдөөдөө байя гэсэн нь малладаг л юм байгаа биз. Гэхдээ үүнд нэг юмыг зөв ойлгох хэрэгтэй. Мал аж ахуйг больё оо гээд байгаа юм биш. Нүүдлийн мал аж ахуйгаас суурин мал аж ахуй руу шилжье , энэ салбараа хөгжүүлье гээд л байгаа юм. Малчид, залуус маань сүү , ноос , мах ,ноолуур гээд чиглэл салбараараа нэгдэж нэг бүтэц , загварт орсон ухаалаг , суурин соёлтой , хоршоолсон, нэгдсэн, фермерийн аж ахуйгаар амьдрах хэрэгтэйг цаг үе, амьдрал хоёр шаардаж байна.
Familyandpeople.mn