Анхны нярай үрээ өлгийдөн авч байгаа аав,ээжүүдэд зориулав
Эцэг эхчүүд та бүхэн нялх нярай хүүхдээ бие бялдрын хувьд эрүүл чийрэг өсгөн хөгжүүлэхийг хүсэж байгаа байх. Юуны өмнө хүүхдийг амьдралынхаа эхний өдрүүдээс , гар хөлөө сарвалзуулах , тийчигнэх , дараа нь мөлхөх зэргээр чөлөөтэй хөдөлж байх боломжтой байлгахыг хичээх хэрэгтэй. Хүүхдийг өсөж том болоод ирэх үед олонх эцэг эхчүүдийн бодлоор хүүхдээ “ дуулгавартай ” болгох гэж элдэв хорио цээр тавьдаг явдлыг бүрмөсөн зогсоох хэрэгтэй. Битгий гүй , битгий харай, томоотой суугаач, гэж хорьж байдаг. Насанд хүрэгсэд сайхан санааны үүднээс л эрүүл саруул хүүхдийн хөдөлгөөний зүй ёсны хэрэгцээг боогдуулдаг. Гэтэл хүүхдийн хөдөлгөөн бол чухамхүү өөрийнх нь амьдралын хэрэгцээ юм. Хүүхэд хөлд дөнгөж оронгуут шатны гишгүүр дээр авирч гарах зэргээр саадыг давах хичнээн дуртай байдгийг та бүхэн ажигласан биз. Тэд энэ бүхнийг эцэж цуцахгүй хэдэн арав дахин хийнэ. Энэ үед нь та нар уцаарлаж, хүүхдээ бэртэж гэмтчих магадгүй гэж айна. Битгий уцаарла, битгий ай, тэгснээс хүүхдээ түшиж тулж , диван дээр гарахад нь туслах, унах гэсэн үед нь барьж авах зэргээр аюулгүй байдлыг хангасан нь дээр. Энэ бол хамгийн сайн биеийн хөгжилд нь тустай дасгал шүү. Танай хүүхэд хичнээн их хүч, идэвх гарган хөдөлж байвал түүний биед хэрэгцээтэй эдээр хангадаг. Яагаад гэвэл булчингийн идэвхжил хүн бүхэнд ашигтай байдаг бол нярай хүүхдэд амьдралын хувьд хоол, унд, нойр, цэвэр агаар шиг бүр зайлшгүй чухал юм. Хөхүүл хүүхдэд ч биеийн хөдөлгөөн буюу гимнастик хийж өгөх нь маш тустай.Танай хүүхэд эрүүл, хэвийн өсөж торниж байгаа бол хоёр сартайгаас нь эхлэн биеийн хөдөлгөөн хийлгэж байх хэрэгтэй. Хүүхдийнхээ өрхийн эмч, сувилагч нараар анхны дасгал , иллэгийг яаж хийхийг заалгаж аваад энэ хялбархан ажиллагааг та нар хурдан эзэмшинэ. Мөн хүүхэдтэй энхрий дотно ярилцаж , тэрээр баяр хөөртэй инээмсэглэн , сэтгэл хангалуун байхаар болгоомжтой хийх хэрэгтэй. Хөгжмийн аянд тааруулах буюу бүүвэйн дуу аялж байгаад хийлэгвэл тустай. Дасгалын тоо, хийх хугацааг өрхийн нярайн эмчээс сайн асууж хийх нь зөв шүү. Болж өгвөл үдээс өмнө хооллосноос хойш цаг хагасын дараа, эсвэл хооллохоос хагас цагийн өмнө хоногт нэг удаа эхлээд 5-6 минут хийлгэж аажмаар 10-15 минут ер нь хийлгэдэг болно. Биеийн хөдөлгөөн хийхэд хүүхэд сэргэж, муу унтах тул оройн цагаар хэрхэвч хийж болохгүй. Танай хүүхэд хоёр нас хүртлээ , урьдчилан зааж үзүүлэхгүйгээр таны удирдлаг доор дасгал хийж чадахгүй . Иймд дасгалыг аль болохоор сонирхолтой болгохыг хичээх хэрэгтэй. Нэгээс хоёр насны жижиг хүүхдээ эцэг нь суганаас нь бариад гараа сунгаж толгой дээрээ эхлээд аажуухан , дараа нь хурдан , хурдан хэд хэдэн удаа өргөхөд хүүхэд нуруу хүзүүнийхээ булчинг чангаруулж , нуруугаа тэнийлгэн , гараа ургаш нь сунгаж мэдээжээр баяр хөөр болон инээнэ. Та хүүхдээ “за нисье” гэж хэлэхэд жижиг хүүхэд баясан түүн рүү тэмүүлэн хурдхан шиг агаарт хөөрөхийг бяцхан үр чинь яарна. Гураваас дээш насны хүүхдэд бол дүүжигнэх дасгал ашигтай. Учир нь нуруу, гарын булчинг бэхжүүлж чангаруулах ба тэнцвэрийн мэдрэхүйг хөгжүүлэн зоригийн шинж чанар төлөвшүүлнэ.Та тонгойгоод хүүхдээ хүзүүгээр тэвэр гээрэй. Хүзүүгээр тэврэнгүүт нь босохтой зэрэг хүүхэд чинь агаарт дүүжигнэнэ. Та хүүхдийнхээ мөрнөөс бариад эргэнэ. 2 настайгаас нь хүүхдийг гараас нь өргөж , 4 настайгаас нь гараа бүтэн буюу хагас сунгаж хүүхдээ газраас хөндийрүүлэн эргүүлж болно. Хүүхэд гүйж яваад эргэлдэх их дуртай байдаг юм шүү эцэг эхчүүдээ.
Familyandpeople.mn