Тригонометр амьдралд ямар хэрэгтэй юм бэ?

Хүмүүс яаг ингэж ярьдаг” Тригонометр амьдралд ямар хэрэгтэй юм вэ?” гэж хүртэл асуудаг. Харин би хариуд нь ” Чи бол тамирчин. Одоо үзэж буй хичээлүүд чамайг хүчирхэг болгох дасгалууд юм. Биеийн тамирийн хичээл хөнгөн, уран зохиол дунд, математик хамгийн хүнд дасгал. Чи сайн тамирчин болохын тулд бүх дасгалаа хийх хэрэгтэй. Бүр илүү амжилтанд хүрье гэвэл хамгийн хүндийг нь хий. Хүндийг нь хийж сурсан хүн бусад дасгалд түүртэхгүй” гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, өнөөдөр үзсэн хичээл амьдралд шууд ашиглагдаж , үр нөлөө үзүүлэхгүй байж болох ч чиний оюун ухааныг задалж,хөгжүүлэхэд чухал дасгал болдог гэдгийг ойлгуулахыг зорьдог. Бүгд ижил түвшинд ойлгож , хүлээж авах боломжгүй Хүн бүрт өөрийн гэсэн багтаамж бий. Харин багш хүн тэр багтаамжийг нь дүүртэл хичээл заах хэрэгтэй. Манайхны дунд нэг нийтлэг ойлголт байдаг нь олон цаг хичээл заалгавал үр дүнтэй гэдэг. Харамсалтай нь тийм биш. Тухайн хүний ойлгох чадвар, хүлээж авах багтаамж юу юунаас ч чухал. Хоёр хүүхдэд яг ижил 100 цагийн хичээл заалаа гэхэд үр дүн нь харилцан адилгүй байна. 100 цагийн хичээл заалгасан хүүхэд 50 цагийн хичээл үзсэн хүүхэдтэй ижил түвшний ойлголттой байж ч болох. Боловсролын салбарынхан сүүлийн үед “Олимпиад хэрэггүй, бүх хүүхдийг ижил түвшинд сургаж, хөгжүүлэх хэрэгтэй” гэж ярих болсон. Энэ бодлого ихээхэн учир дутагдалтай санагддаг. Дээр хэлсэнчлэн бүх хүүхдийн аливааг хүлээж авах, ойлгох түвшин харилцан адилгүй. Тиймээс тодорхой хэсэг нь манлайлж, бусдынхаа өмнө явах нь мэдээжийн хэрэг. Яах вэ, ийм бодлого хэрэгжүүлбэл  “ар”-ын хүүхдүүд улаан шугам руу дөхөж магадгүй юм. Гэтэл тэдний урьд яваа хүүхэд яах вэ. Бусдыгаа хүлээх үү. Бүгд ижил байх ёстой гээд өөрийгөө дарах уу. Уг нь бол аль аль нь сурч өөрийнхөө хэмжээнд хөгжиж байх ёстой. Бүх сурагчийг нэг хэвэнд цутгасан юм шиг ижил төрхтэй болгож чадахгүйтэй л адил зүйл шүү дээ. Бага ангид унших, бичих, бодох зэрэг цаашид суралцах суурь чадваруудыг хүүхдэд эзэмшүүлдэг учраас аль болох жигд хөгжүүлэх бодлого баримталдаг. Харин дунд ,ахлах ангийн сурагчдад нэгдсэн түвшин тогтоох боломжгүй. Гүнзгийрүүлсэн сургалттай ангийн 60-70 хувь нь эрэгтэй сурагч байдаг. Олимпиадад оролцогчдын хувьд ч ялгаагүй. Миний бодлоор багш нараас шалтгаалдаг байж магадгүй. Эмэгтэй хүүхдүүдийн чадварыг илэрүүлэх, олж харах , тэдэнтэй ажиллах тал дээр туршлагагүй, дутагдалтай байж болох юм.Нөгөөтээгүүр, хүйсийн харьцаанаас үүдэлтэй байх боломжтой . Тэрнээс математикт эрэгтэй хүүхэд эмэгтэйгээсээ илүү авьяастай гэдгийг баталж нотолсон зүйл байхгүй шүү дээ.

/Нэгдүгээр сургуулийн Математикийн заах аргын нэгдлийн ахлагч багш Э. Батзаяа. / Өнөөдөр сониноос товчлон хүргэв.

Familyandpeople.mn    

12 Replies to “Тригонометр амьдралд ямар хэрэгтэй юм бэ?”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *