Нэг айлын хүүхдүүд өөр өөр араншинтай байдаг нь хачирхалтай. Нэг нь айлын өгсөн чихэр, шоколадыг газар дээр нь зад татчихдаг бол, нөгөө нь үргэлж цааш нь хийнэ. Тэр ч бүү хэл сургуулийнхаа үдийн цайнд өгсөн боорцогныхоо талыг цүнхлээд ирэх ч үе тохиолдоно. Эхэндээ шоолж инээж байсан бол сүүлдээ гайхширдаг болов. Хэн, хэзээ өгсөн нь мартагдсан амттанг гэнэтхэн халааснаасаа гаргаж ирээд тэр хавиар нэг хэрэг мандуулна. Ийм хачирхалтай юуг ч хурааж хуримтлуулдаг, талыг нь заавал далд хийдэг охиныгоо эхэндээ гайхдаг байсан ч, эцэст нь түүнийг хуримтлуулагч иргэн гэдгийг ойлгосон юм. Гурван арваныг элээж байгаа бидний хүүхэд насанд бутархай мөнгө одоогийнхоос үнэ цэнтэй байж. Гэтэл надаас авахуулаад усны мөнгөний хариултаар тавын гаа, аравын чихэр авч идэхээ бодохоос түүнийг хурааж хуримтлуулах талаар төсөөлөл тун муутай байж. Гэтэл өнөөх гайхал чинь энд тэнд хэн ч тоохгүй орхисон 10,20,50,100-тын дэвсгэртээс авахуулаад бүх л мөнгөн дэвсгэртийг эмхэлж цааш хийхээс гадна, төрсөн өдрийн бэлэг, Цагаан сарын бэлгийн мөнгөө хуримтлуулсаар манай гэрийн хамгийн баян хүн болоод хувирчих нь тэр. Түүний энэ байдал эргэн тойрныхонд ч нөлөөлөв. Том болохоороо хуримтлуулсан мөнгөөрөө “Дэлгүүрчин охин” болно хэмээн гурван настай дүү нь ярьж байгаа бол өөрөө “Гадаад сургуульд сурна” хэмээн томорч байх. Энэ жишгээр жилдээ нэг удаа өөрийн биеэр боодол боодол 10,20,50,100-тын дэвсгэртээ банкинд тушааж , хуримтлалаа аривжуулдаг болов. Хамгийн сүүлд 267,170 төгрөг банкинд тушааж дэвтэрээ бичилт хийлгэсэн охиноос томчууд бидэнд сурах зүйл олон байгаа нь анзаарагдав. Ийнхүү орчин үеийн хүүхдүүд багаасаа л мөнгийг хурааж хуримтлуулах , түүнийгээ хэрхэн зарцуулах талаар өндөр мэдлэгтэй болж байгаа нь авууштай. Хадгаламж өлсөхөөс биш, хуримтлуулахаас эхэлдэг аж.
/П.Батзаяа/ өдрийн сонин
Familyandpeople.mn