Сургуулийн хүүхдийн хоцрогдол далимдуулсан бизнес цэцэглэжээ

Нийтлэг жишгээс харахад, нэг хичээлийн хоцрогдол арилгах багц цагийн болон сарын сургалтын төлбөр 150-250 мянган төгрөгөөс эхэлж байна. Харин гэрээр сургалт явуулдаг хүмүүс 100-150 мянган төгрөгийн дундаж ханш тогтоожээ. Сургалтын төвүүд болон хувь хүмүүс “Хоцрогдлыг богино хугацаанд бүрэн арилгана, сурлагын түвшин ахиулна, чанартай сургалт санал болгож байна, хичээлийг шилдэг багш нар заана” гэх зэргээр сурталчилгаа, мэдээлэл түгээж, үйлчлүүлэгчдээ татдаг аж. Нийтлэлийн эхэнд дурдсан газар гэхэд “Хичээлийн хоцрогдлыг бүрэн арилгана” хэмээн зар оруулсан байв. Гэвч тэдний менежертэй ярилцахад тийм итгэл үнэмшил огт төрсөнгүй. “Ямар үр дүн үзүүлэх нь тухайн хүүхдээс шалтгаална. Хэр хугацаанд сургалтад хамруулах нь таны хэрэг” гэж үл ойшоосон хариулт өгсөн юм. Ерөнхий боловсролын сургуулиудад ч ийм төрлийн шахааны бизнес гарсан талаар эцэг, эхчүүд ярилаа. Жишээлбэл, 130 дугаар сургуульд  гэхэд нэг хичээлийн хоцрогдол арилгах сургалтыг   50 мянган төгрөгөөр сурагчдадаа санал болгосон тохиолдол байна. Эцэг, эхийн зөвлөлийн хурлын үеэр нэгэн сургалтын төвийнхөн энэ талаар танилцуулга , мэдээлэл өгсөн бөгөөд олонх аав, ээжүүд эсэргүүцсэн гэнэ. Үүнийг мэдээлсэн тус сургуулийн VI ангийн сурагчийн аав “Эл сургалтын төвийнхөн хоцрогдол нөхөх хөтөлбөрийн хүрээнд БШУЯ-тай хамтран ажиллаж буй байгууллага гэж өөрсдийгөө танилцуулсан. Сургалтаа онлайнаар зохион байгуулна гэсэн учраас итгэл төрөөгүй. Үр дүнгүй нь ойлгомжтой шүү дээ. Хүүхдээсээ энэ талаар асуухад ийм сургалт өчнөөн байдаг гэсэн”хэмээн ярилаа. Харин Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургуулийн эцэг, эхчүүдийн төлөөлөл Э”Охин минь ойрд янз бүрийн сургалтад хамрагдана гэж их ярьдаг боллоо. Найзууд нь нөлөөлдөг бололтой. Бас анги удирдсан багш нь сурагчдаа физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалтад хамрагд гэж ятгасан байна лээ. Найз нь тэнд багшилдаг гэнэ. Олон хүүхэд хамрагдахаар бол төлбөрийг нь хөнгөлүүлэх талаас нь ярья гэсэн юм билээ. Чанартай, үгүй нь мэдэхгүй учираас зөвшөөрсөнгүй ” гэсэн юм. Хичээлийн хоцрогдол нөхөх зорилтын хүрээнд төрийн захиргааны байгууллага, ерөнхий боловсролын сургуулиуд сургалтын төвүүдтэй хамтран ажиллаж байгаа, эсэхийг БШУЯ болон нийслэлийн Боловсролын  газраас тодруулахад аль аль нь үгүйсгэлээ. Сурагчдын хоцрогдлыг нөхөх  гурван жилийн цогц төлөвлөгөөнд тусгаснаар бол  тусгайлсан сургалт, дамжаа хичээллүүлэхээс илүү ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанар, багш нарын заах арга зүйг сайжруулах чиглэлд түлхүү анхаарч, нэгж хичээлд ноогдох хугацааг уртасгах , өмнөх агуулгуудыг сэгрээх, давтах цаг бий болгох, тухайн улиралд үзэх хөтөлбөрийг сурагчдад хүртээмжтэй байдлаар нэгдсэн цахим системд байршуулах зэрэг ажил хийж байгааг нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийнхэн хэллээ. Тэгэхээр 130 дугаар сургуулийг онилсон сургалтын төвийнхөн БШУЯ-ны нэрээр түрээ барьж, сурагчид болон эцэг, эхчүүдийг хуурахаар санаархсан  байж болзошгүй юм. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулиуд сүүлийн хоёр жилд  алдаг оног хичээллэсэн. Сурагчид энэ хугацааны дийлэнхийг амралтын байдалтай өнгөрөөж , цахим, теле хичээлээр ” гол зогоосон”. Алсын зайн сургалтын үр дүн  хангалтгүй байсныг БШУЯ-ы сайдаас эхлээд судлаач, мэргэжилтнүүд, жирийн иргэд , сурагчид хүртэл дуу нэгтэй хүлээн зөвшөөрч буй. Хичээлийн хоцрогдлыг нөхөхийн тулд цаашид 100 хувь танхимаар хичээллүүлэх шаардлагатай гэсэн байр суурийг салбарийн сайд илэрхийлсэн. Гэтэл зарим сургалтын төв хоцрогдол арилгах сургалтыг онлайнаар зохион байгуулж байна. Тухайлбал, “Сумма” төв VI-XII ангийн сурагчдын матетатикийн хоцрогдол нөхөх 90-120 цагийн цахим сургалтыг 240 мянган төгрөгөөр санал болгожээ. Онлайн сургалтаас үүдэлтэй хоцрогдлыг онлайн сургалтаар нөхөх юм гэнэ. Цаг үеэ мэдрээгүй  үйлчилгээ гэж үүнийг л хэлэх байх. Түүнчлэн 1 , II ангийн хичээлийн агуулагыг word, powerpoint, pdf хэлбэрт буулгаж, бага ангийн сурагчдын хоцрогдол арилгах хөтөлбөр хэмээн 5000 – 9000 төгрөгөөр худалдан борлуулж буй хүмүүс ч байна. Ийм зан хэд хэд харагдав. Цар тахалаас улбаатайгаар боловсролын салбарт үүсэн доголдол, хичээлийн хоцрогдол сургалтын төвүүдийн үйл ажиллагааг өргөжүүлж,  заримыг нь өөр чиглэл рүү хөрвөхөд хүргэж , олон хүнд “бизнес хийх” боломж олггосныг дээрхи жишээнүүд харуулж байна. БШУЯ*-ных-ныг хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж , хэрэгжүүлэх гэж жил дамнан мунгинаж суухад “сайн дурынхан ” тэднээс урьтжээ. Сурлагын түвшин ахиулах, томоохон олмипиад, улсын болон ЭЕШ-д бэлтгэх сургалтын төвүүд хэзээнээс нааш үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Гэхдээ хоцрогдол арилгана гэсэн уриатай сургалтын байгууллага борооны дараах мөөг шиг ийм олноороо ” хүч түрэн” гарч ирж байгаагүй юм. Ой мод урттай богинтой, олон хүн сайнтай муутай гэхчлэн энэ дунд чанартай сургалттай нь ч бий, чанаргүй нь ч байгаа. Сургалтын үйл ажиллагаа зөвхөн мөнгө олох хэрэгсэл гэж хардаг байгууллага , хув хүн ч цөөнгүй.Тэгэхээр иргэд, ялангуяа эцэг, эхчүүд ” Богино хугацаанд хоцрогдол арилгана , түвшин ахиулна”,ЭЕШ д өндөр оноо авхуулах баталгаат сургалт явуулна” гэсэн “том” амлалт бүхий сурталчилгаа, мэдээлэлд шүүлтүүртэй хандах шаардлагатай тулгарлаа.

/Өнөөдөр сониноос/

Familyandpeople.mn

     

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *