Эцэг эх хоёрынх нь хоорондын харилцаа хүүхдэдээ ихээхэн нөлөөлнө.

 Бие биенээ хайрлаж эрхэмлэх сэтгэлээ хүүхдэдээ харуулахаас эцэг эхчүүд яагаад ч юм зарим нь  ичдэг. Нөхөр нь авгайгаа тэвэрч үнсэх гэхэд авгай нь сандран аягүйрхэж ,” Болиоч ,хүүхдүүд байж байхад” гэх явдал байдаг. Үүнд болохгүй нь юу байхав.  Хууль ёсны гэр бүл юм чинь “Ил хайр” хүүхдүүдэд сайн жишээ болно. Эхнэр нөхөр хоёрын бие биенээ гэсэн уур амьсгал нь гэр бүлийн сайн сайхан амьдралын сэтгэл хөдлөлийн анхдагч үндэс юм. Энэ бол ханийн ёс, зөвхөн хүний хайр дурлалын тухай л хэлж байгаа хэрэг билээ. Энэ хайр сэтгэлийг хүүхдээ хайрлах шинэ хайртайгаа хослуулан хадгалах гэдэг тун чухал. Гэтэл хайрын үг, бахдаж уяарсан харц , халуун янаг сэтгэл тэр бүгд гагцхүү анхны хүүхэд төртөл үзэгдээд өнгөрөх явдал цөөнгүй байдаг. Харин дараа нь энэ бүхэн хүүхдэд зориулагддаг байна. Тэгээд ч олон хүн , эр эм хоёрын хоорондын хайр сэтгэл нь тэр хоёрын хүүхдээ хайрлах хайр болон хувирах ёстой гэж үздэг. Үгүй, энэ бол буруу юм. Эцэг эх хоёр нь бие биенээ хайрлаж байвал хүүхэд нь тэдний энэ хайрыг биедээ шингээж ,сэтгэлдээ багтаан авч байдаг. Эх эцгийнх нь хоорондын харилцаанд хайр сэтгэл байхгүй болсон бол ертөнц тэдний төдийгүй, хүүхдийнх нь хувьд бас зэвэргэн болдог байна. Иймэрхүү ёс төдий тогтнож буй гэр бүлд бие биенээ үл тоох, дургүйцэх, үл итгэлцэх байдал зонхилдог нь хүүхдэд нэн хортой бөгөөд зүрх сэтгэлийг нь эвддэг. Эцэг эх нь хүүхдийнхээ дэргэд бол бүх юм сайн сайхан байгаа мэтээр үзүүлэхийг яаж ч оролдовч хүүхэд хуурмаг байдлыг соргогоор ойлгож мэддэг. Жинхэнэ хайр сэтгэл бол гэр бүлийн амьдралын эрч хүчийг нэмэгдүүлэн баяр баясгаланг оргилуулж байдаг. Чухамхүү ийм нөхцөл нь хүүхдийн сэтгэл зүйн хөгжил, ёс суртахууны хүмүүжилд хамгийн тустай сайн нөлөө үзүүлнэ. Түүнээс гадна эцэг эхийн жинхэнэ хайр сэтгэл нь ирээдүйн гэр бүлийн нэг гишүүний хувьд дуурайх сайхан үлгэр жишээ болдог. Янз бүрийн ажил мэргэжилтэй хүмүүсээс гэрлэхэд хайр сэтгэл заавал хэрэгтэй юу гэхэд хэрэгтэй гэдэгт тийм ч итгэлтэй бус байлаа. Тэгэхлээр судалгаанд оролцсон эхнэр нөхөр, гэрлэх гэж байгаа залуусын хувьд сэтгэл хөдлөлийн хувьд тогтож бүрдээгүй , оюун санааны хувьд ядуухан байлаа. Тэдэнтэй хамт амьдардаг хүмүүст тийм их баяр баясгалантай халуун дотно байх эргэлзээтэй юм. Чухамхүү ийм учраас гэр бүлийн хүмүүжлийн нэг бол сэтгэлийг нь хүмүүжүүлэх явдал юм. Гэвч гэр бүл бол зөвхөн сэтгэлийн ертөнц бус бөгөөд энэ бол ахуй амьдралын нарийн асуудал билээ.

Familyandpeople.mn

5 Replies to “Эцэг эх хоёрынх нь хоорондын харилцаа хүүхдэдээ ихээхэн нөлөөлнө.”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *