НҮЭМ-тэй холбоотой түгээмэл асуулт, хариултууд

Шинхэн залуу хосууд болон эмэгтэйчүүдэд өгөх эрүүл мэндийн зөвлөмж

Сарын тэмдгийн мөчлөг ямар байх вэ?

Эмэгтэй хүний эрүүл мэндийн толь болсон биений юм нь сар бүр ирдэг бөгөөд мөчлөг нь 21-36 хоног байна. Ирэхдээ 2-7 хоног үргэлжлэхийг хэвийн гэж үздэг. Мөчлөгийн дунд хоногт эмэгтэйн өндгөвчинд 1 ширхэг өндгөн эс боловсрон гардаг.

Үр тогтлоо, жирэмсэн боллоо гэж юуг хэлж байна вэ?

Сарын тэмдэг нь тогтмол хугацаанд ямар нэг өөрчлөлтгүй ирж байсан эмэгтэйн мөчлөгийнх нь дунд 10 хоногт өндгөн эс боловсрон гарах ба энэ үед хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон бол эр бэлгийн эс нь эм бэлгийн эстэй нийлж үр тогтдог. Үр тогтолт хэвийн үедээ умайн гуурсан хоолойд явагддаг. Үр тогтсон өндгөн эс нь 5-7 хоногийн дараа умайн хөндийд орж салстад нь бэхлэгдсэн мөчөөс эхлэн ургийн насыг тоолж эхэлдэг.

Жирэмсний хугацаа ямар байдаг вэ?

Жирэмсний хугацаа 39-40 долоо хоног буюу 280 хоног, хуанлийн 9 сар орчим үргэлжилдэг.

Төрөх өдрийг хэрхэн тооцоолох вэ?

Жирэмслэлт нь сүүлчийн сарын тэмдгээс хойш 9 сар буюу 40 долоо хоног, 280 хоног үргэлжилдэг. Төрөх өдрийг тогтоохдоо сүүлчийн сарын тэмдэг ирсэн сараас 3-ыг хасаж, хоног дээр 7-г нэмж гаргана. Жишээ нь: Таны сүүлчийн сарын тэмдэг 7сарын1-нд ирсэн гэж бодьё. Тэгвэл таны төрөх өдөр 4 сарын 8 байх болно.

Жирэмсний хяналтын хугацаанд хэдэн удаа үзүүлэх вэ?

Хэвийн явцтай  жирэмсэн 6 удаагаас доошгүй үзүүлнэ. Өртөмтгий буюу хавсарсан эмгэгтэй, хүндрэлтэй бол эмчийн заасан хугацаанд үзүүлнэ.

Жирэмсний хяналтын хугацаанд ямар шинжилгээ хийлгэх вэ? 

Хяналтанд ормогч ямар шинжилгээнүүдийг, хаана хийлгэхийг эмч хэлж өгнө. Цус, шээсний шинжилгээг хүн бүрт хийдэг. Танд цус багадалт болон бөөрний ямар нэг эмгэг байгаа эсэхийг мэдэх нь жирэмсний явцыг хянахад тустай. Шинж тэмдэг мэдэгдэхгүйгээр тэмбүүгийн болон бусад БЗДХ байж болох тул тэмбүүгийн болон ХДХВ-ийн сорил хийдэг. Энэ нь эхээс урагт халдвар дамжихаас сэргийлэх ач холбогдолтой. ХДХВ-ийн сорил хийхдээ танд зөвлөгөө өгч, зөвшөөрөл авах дүрэмтэй. Бусад шинжилгээг эмчийн зааснаар хийнэ.

Жирэмсэн эхийн зөв зохистой хооллолт гэж юуг ойлгох вэ? 

Жирэмсэн эх чанартай, олон төрлийн хоол хүнсийг бага багаар хоногт 6 удаа хооллох нь ургийн хэвийн өсөлтийг хангах. эх ургийг төрөхийн хүндрэлээс сэргийлэхэд ач холбогдолтой.

Төмөр, фолийн хүчил ба олон найрлагат бичил тэжээлийг хэрхэн яаж хэрэглэх вэ?

Фолийн хүчил нь эхийн цус багадалт, ураг нярайн гаж хөгжил, тухайлбал : тархи, нугасны гаж хөгжлөөс сэргийлдэг тул жирэмсэн болон төрсний дараах саруудад үргэлжлүүлэн ууна. Төмрийн бэлдмэл нь цус багадалтаас сэргийлэх, цус нөхөн төлжихөд тустай. Төмрийн бэлдмэлийг ууснаас хойш 20 минутын дараа хоолоо идэх нь тохиромжтой. Олон найрлагат бичил тэжээл нь төмөр, фолийн хүчил агуулдаг.

Төрсний дараах үе ямар хугацаанд үргэлжлэх вэ?

Төрсний дараах үе нь амаржсанаас хойш 6-8 долоо хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд жирэмслэлт төрөлттэй холбоотой биед гарсан өөрчлөлтүүд эргэж хэвийн байдалд орно.

Төрсний дараах үзлэгийг хэзээ хийх вэ? 

Төрөлтийн байдлаас хамаарч төрснөөс хойш 2-6 долоо хоногийн дараа үзлэг хийдэг. Хэрэв танд оёдол тавьсан бол хэрхэн эдгэрсэн, үтрээ, умайн хүзүүний байдалд үнэлгээ өгдөг. Энэ уулзалтаараа та жирэмслэхээс хамгаалах аргуудаас тохирохоо сонгож болно. Төрсний дараа 21 хоног дутамд 1 удаа тус тус зөвлөгөө авна.

Шавхрага ямар байх вэ? 

Шавхрага нь үнэргүй байх бөгөөд эхлээд улаан хүрэн өнгөтэй байснаа 2 долоо хоногийн дараа яагаан туяатай, сүүлдээ өнгөгүй болж дуусна. Гадна бэлэг эрхтний ариун цэврийг сайн сахиж, ариун цэврийн хэрэглэлийг ойрхон солих, бэлэг эрхтнээ бүлээн усаар угаах хэрэгтэй.

Оёдол тавиулсан бол юу анхаарах вэ?

Төрсөн эх хярзандаа оёдолтой бол аль нэг өгзөг дээрээ сууж мөсөн жин тавихад өвдөлт намддаг. Оёдлоо цэвэрлэх гэж янз бүрийн эмийн уусмал хэрэглэх шаардлагагүй , бүлээн усаар оёдолтой хэсгээ шүршиж хуурай болтол хатаах хэрэгтэй. Хувийн ариун цэвэр сайн сахина.

Хэзээ хөхөнд сүү орох вэ?

Төрсний дараа 1-2 хоногийн дараа хөхөнд сүү орж томтрч чинэрч эхэлнэ. Хөхнөөс сүү гоожиж хувцас бохирдохоос сэргийлж хөхний сүү шингээгч жийргэвч хэрэглэх хэрэгтэй. Хүүхдээ сайн хөхүүлэх нь жирэмслэхээс хамгаалах, умайн агшилтыг сайжруулж , шавхрага хурдан зогсдог.

Нялах биетэй эх зохистой хооллоход юу анхаарах вэ?

Нялх биетэй хөхүүл эхэд чанартай тэжээллэг хоол хэрэгтэй. Мөн хүүхэд өөрт хэрэгтэй зүйлээ хөхний сүүгээр авдаг. Мөн шингэн сайн уу.

Төрсний дараа өтгөн хатвал яах вэ?

Өтгөн хаталт нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн багассанаас үүсдэг тул аль болох хөдөлгөөнтэй байж, ус их уух, эслэг их агуулсан хоол хүнс, байцаа, ноноо сайн хэрэглэ. Өтгөнөө гаргах гэж дүлэхэд оёдол задарч болзошгүй тул ариун цэврийн хэрэгсэлээр оёдлоо дарж дүлэх нь эвтэйхэн байдаг.

Төрсний дараа биеийн жингээ хэрхэн хянах вэ?

Жирэмсний турш жин 12-16 кг жин нэмэгддэг. Төрсний дараа 10 орчим хувийг нь алддаг. Үүний дараа хоолны дэглэм, дасгалдаа анхаарал хандуулах хэрэгтэй. Хамгийн гол нь жирэмсний турш нэмсэн жин нь бага бол дараа их жин хасах шаардлагагүй байдаг.

Хүүхдээ хөхөөр хооллох нь ямар ашигтай вэ?

Хүүхдээ 6 сар хүртэл дан хөхний сүүгээр хооллох нь хүүхэд эрүүл энх өсөх гол нөхцөл юм. Эхийн сүү нь таны хүүхдийн заяаны хоол , өөр юугаарч орлуулж үл чадах гайхалтай рашаан юм. Эхийн сүүнд хамгийн чухал шимт бодис болох уураг, тослог,нүүрс ус хүүхдийн биед хамгийн зохистой харьцаагаар, хамгийн шингэцтэй хэлбэрээр агуулагддаг тул юугаар ч солишгүй тэжээл болдог. Төрсний дараа 24 цаг дотор ялгарч буй 24-30 мл хэмжээний шаргал өнгийн маш өтгөн сүүг ангир уураг гэнэ. Ангир уураг төрсний дараа 3 хоногт ялгарах бөгөөд ангир уургаа төрсний дараа аль болох эрт 30 минутийн дотор амалсан цагт хүүхэд амьдархуйн ид шидийг хүргэнэ. Ангир уураг нь урьдчилан  сэргийлэх анхны тарилга, элдэв халдвараас хамгаалах ид шидтэй амьд шингэн юм. Эхийн энэ гал уурганд хүний нинжин сэтгэл, ариун хайр, хүнлэг чанар цөм бий гэж монголчууд ярьдаг.

Хүүхдээ хэрхэн зөв хөхүүлэх вэ?

Хүүхдээ хөхүүлэхдээ аль болох өөртөө тав тухтай байрлалыг сонго. Та сандал дээр эгц суугаад хүүхдээ хэвлийдээ хөндлөн тэвэрч цээж рүүгээ шахаж хөхөндөө зөөлхөн хүргэхээр хүүхдээ байрлуулж эсвэл орон дээр зэрэгцээ тавь. Хүүхэд тань хөхний нөсөөтэй хэсгийг хамруулан хөхний товчийг уруулаараа бүрэн үмхсэн байх ёстой. Хүүхдийг хүссэн цагт нь, аль болох олон удаа, өдөр шөнөгүй хоногт 8-12 удаа , өөрөө цадаж хөхөхөө больтол нь хөхүүлнэ. Хөхүүлэхийн өмнө хүүхдийн хамрыг цэвэрлэж амьсгалахад чөлөөтэй болгоно, эх гар болон хөхний толгойг буцалсан усаар сайтар угаана. Хүүхдээ хөхүүлж дуусаад хөхний толгой орчмыг цэдэр зөөлөн алчуураар дарж хуурай болгоно. 

 

 

 

2 Replies to “НҮЭМ-тэй холбоотой түгээмэл асуулт, хариултууд”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *