Сурагч,оюутнуудаас мөнгө татдаг цаг айсуй

Урин цаг ирж хүүхдүүдийн сургууль цэцэрлэг, их дээд сургуулийн төгсөлт ойртож байна. Үүүнтэй зэрэгцэн эцэг эхчүүд болон хүүхдүүдийн хувьд эдийн засгийн дарамт ирдэг нь хэнд ч нууц биш. Хэдийгээр төгсөлтийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж болохгүй, ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх , эцэг эх хүүхдүүдээс хавтгайруулан мөнгө төгрөг хураахгүй, эцэг эхчүүдэд хүндрэл учруулахгүй байх гэсэн дүрэм ,журам байдаг ч түүнийг биелүүлдэг нь нэгээхэн ч үгүй. Эрдмийн баярын арга хэмжээг зохион байгуулах нэрийдлээр эцэг эхчүүдээс мөнгө хураамж авсан болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас архидан согтуурч, гэмт хэрэг зөрчилд холбогдсон тохиолдолд сургуулийн захирал,цэцэрлэгийн эрхлэгч нарт хариуцлага тооцох тушаал байдаг. Хонхны баяр зохион байгуулж байгаа ангиуд шатлалаараа 500-800 мянган төгрөгийн багц санал болгож арга хэмжээгээ зохион байгуулж , эсэргүүцсэн сурагч , оюутнуудаа нүд үзүүрлэн дарамтлах энүүхэнд. Эцэг эхчүүд ч  ганц удаа л дохиолддог юм чинь хүний хүүдээс дор оруулаад яахав вэ гэсэн сэтгэлгээгээр зээл аваад ч болтугай хураамжийг нь өгдөг. Хураамжаас гадна тэд хэд хэдэн ээлжийн хувцас бэлдэх багшдаа гарын бэлэг авах, сургуульдаа дурсгалын зүйл авах гээд энэ бүхэнд хэдэн төгрөг зарцуулахыг юмны үнэ тэнгэрт хадсан энэ үед ёстой тэнгэр л мэдэх байх. Хонхны баяр тэмдэглэх нь эдийн засгийн хувьд тухайн гэр бүлд хүндрэл авчрахаас гадна архины халуунаас болоод гэмт хэрэгт хэрэгт холбогдох, амь насаа алдах харамсалтай тохиолдлууд ч гардаг. Хэдийгээр энэ баярыг эцэг эх нь зохион байгуулж буй гэх ч түүний цаана сургууль , багшийн явуулга байдгийг иргэд үгүйсгэдэггүй . Яг юу сурсанаа нэг бодоод  үзэхэд  гэмгүй. Энэ үгээрээ хүн бүхнийг харлуулах гээгүй ч үнэхээр эрдэм сурсан нь маш цөөхөн байдаг гэдэгтэй санал нийлэх байх. Сүүлийн үед харин хонхны баяраа тэмдэглэх тал дээр зарим нэг сайхан зүйл ажиглагдаж байна. Тэд боломж тааруу амьдарч байгаа өрхүүдэд цуглуулсан мөнгөөрөө хэрэгтэй зүйлийг нь авч өгөх , өвчтэй хүмүүст эмчилгээний зардал болгож өгөх гээд сайн санааны үйлст зориулдаг болж. Хонхны баяр нэртэй ,”Лонхны баяр” тэмдэглэсэн хүүхдүүдэд дурсах юм үлдэх болов уу. Их дээд сургуулийн хонхны баяртай зэрэгцээд цэцэрлэг, сургуулийн сурагчид ахлах ангийн төгсөлт ,үсэглэлийн баяр гээд мөн л тэмдэглэнэ. Тэр үйл ажиллагаа мөн л идэвхтэй хэдэн эцэг эхчүүдийн уриалгаар хийгдэнэ. Тэд мөн л хүлээн авалт, багшийн бэлэг, дурсгалын зүйлд гээд чамгүй их мөнгө хураана. Бага насны хүүхдүүдийн хувьд мөнгөний асуудлыг мэдэхгүй тул их л хөөр баяр болдог. Эцэг эхчүүд хэдэн төгрөг байсан ч нүдээ аниад л хураалгана, эсэргүүцвэл бүх хүний нүдний үзүүр, ярианы бай болно гэдгийг харин ч нэг сайн мэддэг. Иймээс цэцэрлэг, сургууль, их дээд сургуулийн төгсөгчид , эцэг эхчүүд, сургууль багш нар аль аль талдаа анхаарч эрдмийн баярыг хавтгайруулахгүй , архи дарс, бэлэг сэлтгүй утгаар нь хийвэл зүгээрсэн.

“Монголын мэдээ” сонин 2023,04,17,

One Reply to “Сурагч,оюутнуудаас мөнгө татдаг цаг айсуй”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *